Inside MMA | Young Lions Competitions: Gantulga.S
- Anu Ulziidelger
- Feb 15
- 3 min read
Updated: Feb 17

Та бүхэндээ манай шинэ булан “Inside MMA”-гийн хамгийн анхны дугаарыг хүргэж байгаадаа баяртай байна. Энэхүү булангаар бид удирдлагын багийн хэрэгжүүлж буй төслүүдийг онцолж, тэдний хэрэгжүүлж буй төслийн талаар та бүхэндээ хүргэх болно !
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. “Inside MMA” ярилцлагын буланд оролцож байгаад баярлалаа. Юуны өмнө та өөрийгөө товчхон танилцуулна уу ?
Намайг С.Гантулга гэдэг. Teхно зон компанийн Бизнес хөгжил, маркетинг хариуцсан захирлаар ажилладаг. Мөн ММХ-ны Young Lions Competitions төслийн зохион байгуулах багийн ахлагчаар ажиллаж байна.
Та "Young Lions Competitions" тэмцээнтэй холбоотой төслийн талаар бидэнтэй хуваалцаач.
Бүтээлч салбарын залууст олон улсын тавцанд өрсөлдөх үнэтэй боломжийг олгодог нэр хүндтэй тэмцээн бол "Young Lions Competitions" юм. Энэхүү тэмцээн нь дэлхийн хамгийн том бүтээлч салбарынхан чуулдаг Cannes Lions International Festival of Creativity-ийн хүрээнд зохион байгуулагддаг. Young Lions Competitions нь 1995 оноос хойш зохион байгуулагдасаар байна. Уг тэмцээнд 30 хүртэлх насны 2 залуус баг болон оролцож бусад багуудтай өрсөлддөг юм. Өнгөрсөн 2024 онд 68 орны 448 оролцогч оролцож 7 төрөлд, 24 цаг даалгавраа бэлдэн өрсөлдсөнөөс 42 оролцогч шалгарч байжээ. Монголын Маркетингийн Холбоо нь энэхүү наадмын албан ёсны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг ба Young Lions Competitions 2025-ийг энэ жил анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж дотоодын ялагчдыг шалгаруулах гэж байна.
Хэн оролцох вэ?
1. Дотоодын тэмцээн нь нас болон ажил мэргэжлийн шаардлагад нийцэж байгаа хэн бүхэнд нээлттэй байна.
2. Оролцох сонирхлоо илэрхийлсэн багуудыг ямар нэг холбоо, хамт олон, мэргэжлийн байгууллагын гишүүн биш гэдэг үндэслэлээр түдгэлзүүлж болохгүй.
3. Тэмцээний төрлүүдийн өдрүүд давхцахгүй байсан ч нэг баг нэг л төрөлд өрсөлдөнө.
4. Багууд дотоодын тэмцээнд жил дараалж ялалт байгуулбал Каннын Арслан руу жил дараалж явах эрх нь нээлттэй
Дотоодын тэмцээн ямар төрлүүдээр явагдах вэ?
ОУ-д тэмцээн Дизайн, Дижитал, Фильм, Маркетер, Медиа, ПР, Принт гэсэн төрлүүдээр өрсөлддөг ба бид энэ жил Дижитал төрлөөр дотоодын тэмцээнийг зохион байгуулж 1 багийг шалгаруулан 2025 оны 6 сард Францын Канн хотод болох Young Lions Competitions-д улсаа төлөөлүүлэн оролцуулах болно.
Дижитал төрөлд оролцох багт тавих шалгуур ямар байх вэ?
2 гишүүнээс бүрдсэн
Багийн гишүүд 30 буюу 30-аас доош насны /1994 оны 06 дугаар сарын 20-ноос хойш төрсөн/ байх
Бүтээлч дижитал харилцаа холбооны /Зар сурталчилгаа г.м./ агентлагт ажилладаг байх.
Freelancer буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч өрсөлдөж болно
In-House Creative Team буюу бизнесийн байгууллагын маркетинг, бүтээлч багийн гишүүд өрсөлдөж болно.
Дижитал төрөлд өрсөлдөх даалгавар ямар хэлбэртэй байх вэ?
ОУ-ын жишгийг харахад улс орон, нийгэмд эсвэл компанийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тулгарч буй асуудлыг бүтээлч байдлаар шийдэх бүтээлч, шинэлэг санааг шалгаруулдаг. Даалгаврыг тэмцээн болох өдөр битүүмжилсэн дугтуйнаас багуудын өмнө гаргаж танилцуулдаг. Тиймээс багууд 24 цагт тухайн даалгаврын асуудлуудыг маш сайн ойлгож, түүнийгээ хэрхэн тодорхойлж, ямар стратеги төлөвлөгөө боловсруулан, ямар арга замаар гүйцэтгэж болох санаагаа бодитой, бүтээлч, шинэлэг, инновацтай байдлаар танилцуулж илэрхийлэх нь чухал байдаг.
Түрүүлсэн багийн шагнал нь ямар байх вэ?
Шагнал:
1-р байр: - Францын Канн хот хүртэлх 2 хүний 2 талын нислэг Young Lions Competitions 2025-д оролцох оролцооны 2 эрх
2-р байр: -Smart Marketing Conference 2025-д оролцох оролцооны 2 эрх -Шагналын сан 1 сая төгрөг
3-р байр: -Smart Marketing Conference 2025-д оролцох оролцооны 2 эрх - Шагналын сан 500,000 төгрөг
Багуудын техникийн уулзалт хэзээ болох вэ?
Багуудад зориулсан LIVE MASTER CLASS 2025 онлайнаар, 2025.02.20-ний өдөр Монголын цагаар 20 цагт болох юм. Энэхүү мастер класст бүх багууд болон зохион байгуулагчид оролцох бөгөөд тэмцээн эхлэх 2.21-ний өдөр даалгавар гүйцэтгэх удирдамжийг зохион байгуулагчдын зүгээс өгөх болно.
Ингээд ‘Inside MMA’ булангийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна! Бидэнтэй цаг гарган ярилцсан танд баярлалаа. Дараагийн удаа илүү сонирхолтой ярилцлагаар эргэн уулзана гэдэгт итгэлтэй байна. Танд амжилт хүсье!
Сэтгүүлч: Ө.Ану
Comments