Cannes Lions 2025-р зочилсон нь...
- contentmoma
- Aug 17
- 2 min read
Маркетер бүрийн очиж үзэхийг хүсэж мөрөөддөг Cannes Lions 2025-нд биеэр зочоод гайхалтай зүйлсээр нүдээ баясган ирсэн дараагийн зочин Смарт Брокерс ХХК-н захирал Д.Солонго та бүхэндээ сэтгэгдлээ хуваалцаж байна.

1. Cannes Lions 2025-д оролцох болсон шалтгаан юу байсан бэ? Ямар хүлээлттэй байсан бэ?
Сүүлийн жилүүдэд би амьдралын хамгийн эрхэм мөчүүдийн нэг болох эх хүн болох үүрэгтээ төвлөрч, мэргэжлийн үйл ажиллагаа болон нийгмийн идэвхтэй байдлаас түр завсарлага авсан байсан. Харин одоо эргэн орж буй энэ үедээ өөрийгөө шинэ түвшинд хөгжүүлж, олон улсын чиг хандлага, шилдэг туршлагаас шууд суралцах, хөл нийлүүлэн алхахад хэр хол байгаагаа мэдэх хүсэл байлаа.
Cannes Lions 2025 бол миний хувьд шинэ урам зориг, сэтгэлгээний огцом тэлэлт авчрах алхам байсан. Даатгалын болон хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуулдаг, Монголын Маркетингийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд, бүтээлч шийдэл, инновацлаг маркетингийг хэрхэн салбартаа нутагшуулах вэ бид юун дээр алддаг, онодог тухай өөрийн нүдээр харахыг зорилоо.
2. Оролцсоны дараах сэтгэгдэл ямар байна вэ?
Cannes Lions наадамд оролцох нь зөвхөн мэргэжлийн мэдлэг авах биш, өөрийгөө дахин нээх, илүү урам зоригтой, эрч хүчтэйгээр нийгмийн харилцаандаа эргэн ирэх шаардлагыг илүү гаргаж ирлээ. Шилдэг бүтээлүүд, илтгэлүүд, хэлэлцүүлгүүдээр дамжуулан, маркетинг зөвхөн борлуулалт биш, харин хүний сэтгэлийг хөндөж, итгэлцэл бий болгож, нийгмийн эерэг өөрчлөлтийг хөтлөх хүч гэдгийг дахин мэдэрсэн. Нийгмийн сайн сайханд бүтээлч салбарынхан хэрхэн нөлөөлөх боломжтойг бодитоор, дүгнэлттэйгээр харсан нь гайхалтай байлаа. Бас ямар олон улсын ямар олон хүн яг над шиг сэтгэлгээтэйгээр тэнд байгааг харах бахархам байлаа. Монголчууд бусадтай адил, улам олуулаа оролцож, шинэ шинэ төрлүүдэд нэрээ, улсаа гаргаж байгаа нь сайшаалтай санагдаж, холбоондоо ч мөн талархалтай хандаж байв.

3. Цаашид сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэгтэйгээ хэрхэн холбож хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
Эхний ээлжинд, даатгалын салбар гэлтгүй үйлчлүүлэгчидтэй илүү хүн төвтэй, итгэлцэлд суурилсан, харилцаа бий болгоход чиглэсэн бүтээлч шийдлүүдийг нэвтрүүлэх нь чухал санагдав. Ялангуяа, зөвхөн тархи биш зүрх хамт байж байж ялгарал бий болгохыг, HUMAN TOUCH, мэдэрхүй мэдрэмж гэж зүйлийг алхам тутамдаа анхаарахгүй бол бид AI-р хэдийнээ орлуулагдаж болох боломжтой болсныг гүн гүнзгий ойлгов. Цаашлаад Монголын Маркетингийн Холбооны зүгээс олон улсын бүтээлч салбарын туршлага, чиг хандлагыг мэргэжилтнүүд болон бизнес эрхлэгчдэд хүргэх Lions Night арга хэмжээгээр туршлага хуваалцах платформуудыг бий болгоход оролцохоор төлөвлөж байна.
Эцэст нь AI үнэхээр шокруулж байна, үүний тулд ийм ажлыг өрсөөд хийе гэдэг ухаалаг шийдэл баталгаажиж гарч ирээгүй байна. Энэ тэргүүнд бодож тунгаая, хуваалцая тэр хүртэл өрсөх, ашиглах оновчтой шийдэл, нандин зүйлээ бид олох байх гэж найдаж байна.
Бид чинь бүтээлч салбарынхан шүү дээ.




Comments