top of page

“Cannes Lions International Festival of Creativity 2025”-н Young Lions олон улсын тэмцээнд оролцсон залуу маркетеруудын бүтээлч аяллын тухай

Юуны өмнө өөрсдийгөө танилцуулна уу?

Энэхүү нийтлэлийг уншиж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид бол “Young Lions Mongolia 2025” тэмцээний үндэсний ялагч багийн гишүүд Г.Нацагмаа, Р.Үүрийнцолмон. Үндэсний шатнаас шалгарч, олон улсын шатанд Монгол улсаа төлөөлөх боломж бидэнд тохиосон нь маш ховор завшаан байв. Энэхүү тэмцээн зүгээр нэг уралдаан биш, харин өөрсдийгөө сорьж, дэлхийн түвшинд сэтгэлгээ, чадвараа тольдсон үнэтэй аялал байлаа. 


Cannes Lions олон улсын фестивальд оролцсон анхны сэтгэгдэл?

Маш том, гайхалтай, өргөн хүрээнд зохион байгуулагддаг бүтээлч наадам юм билээ. Дэлхийн шилдэг сурталчилгаа, маркетингийн мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсох, төрөл бүрийн улс орнуудын болон брендүүдийн бүтээлч павилионуудыг үзэх нь бахархал төрүүлж байлаа. Creative салбарт ажиллаж байгаадаа улам урамшсан. Фестивалийн өдрүүдэд бид “нүдээ нээн” дэлхий ертөнц яаж эргэж байгаа, хэрхэн хурдтай хөгжиж байгааг ухаарах шиг л болсон. Фестиваль 5 өдөр үргэлжилдэг ч бид тэмцээндээ 3 хоногийг зориулсан тул бүх илтгэлүүдэд бүрэн суух боломжгүй байсан нь жаахан харамсалтай байсан.


Тэмцээнд оролцсон туршлагаасаа хуваалцана уу?

Тэмцээн эхлэх мөчөөс л бүх зүйл маш хурдан өрнөсөн. 24 цагийн дотор асуудлаа ойлгож, судалгаа хийж, санаагаа гарган, бүтээлээ бэлэн болгож, илтгэх шаардлагатай. Тэмцээний даалгавар маань зэрлэг зөгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Bee:Wild байгууллагаас өгөгдсөн. Гол зорилго нь Gen Z үеийнхэнд зэрлэг зөгийн ач холбогдол, устаж буй шалтгаанууд, бидний нөлөөлөл, хамгаалах боломжуудыг ойлгуулж, тэдний дунд уриалгыг түгээх дижитал компанит ажил санаачлах байв.


Манай санаа: “Be Bee. Protect Bee.”

Бидний гаргасан санаа нь Gen Z-д аль хэдийн танил болсон Duolingo аппликэйшнтэй хамтран шинэ хэл буюу “зөгийний хэл” нэмж оруулах байв. Энэ мини-курсээр хэрэглэгчид зөгийн тухай сонирхолтой баримт, тэднийг хэрхэн хамгаалж болох талаарх мэдээллийг хөгжилтэй хэлбэрээр суралцана.

Курсийн төгсгөлд зан төлөв, сонирхлын богино тест бөглөж (16 personalities шиг), хэрэглэгчийн зан чанарт тохирсон өөрийг нь илэрхийлэх зэрлэг зөгий “аватар” үүсч, ямар үйлдэл хийснээр өөртэйгөө ижил найзаа хамгаалах боломжтойг зөвлөн мэдээллийг хүргэнэ. Мөн тухайн зөгийн стикерийг сошиал медиагаар "Өхөөрдөм хөөрхөн найз минь байгаагүй бол би өнөөдрийн кофегоо уухгүй ч байх боломжтой байлаа" гэх сонирхолтой давлагаагаар хуваалцах боломжтой. Энэ нь залуусын оролцоог нэмэгдүүлэх интерактив, сонирхолтой шийдэл гэж бид үзсэн. Мөн Gen Z залуус өөрсдийн хайрладаг зүйлсийг хамгаалахдаа нэгдэж чаддаг ба өөрсдийн зан төлөвт нь суурилан өөрсөдтэй нь “төстэй” өхөөрдөм зөгий аватартай болох нь хүрээлэл дундах тренд болон уриалга болж залууст мэдлэг түгээнгээ, үйлдэл хийх боломжийг олгоно.

Adobe хэрэгслийн сорилт, илтгэл болон шүүгчид

Энэ жилийн онцлог нь Adobe хамтрагч байгууллага байсан тул бүх бүтээлээ Adobe Firefly, Adobe Express гэх мэт платформ дээр хийсэн. Шүүгчдийн хувьд Amazon, TikTok зэрэг дэлхийн томоохон байгууллагуудын мэргэжилтнүүд байсан нь эхэндээ айдас төрүүлж байсан ч бид чөлөөтэй, өөртөө итгэлтэйгээр ажлаа танилцуулж, илтгэж чадсан гэж бодож байна.


Тэмцээний үр дүнгийн тухайд?

Харамсалтай нь бид шагналт байранд шалгарч чадаагүй ч бусад орны бүтээлийг харахад үнэхээр галзуу, зоригтой, задгай сэтгэлгээтэй байлаа. Харин бид хоёр санаагаа хэт их болгоомжилж, “ингэвэл болох болов уу?” хэмээн өөрсдийгөө хязгаарласан байх гэж дүгнэж байна. Хамгийн сонирхолтой нь бидний санаатай төстэй санаа зарим багуудаас гарсан байсан.

Энэ жилийн ялагч баг нь Өмнөд Солонгосын Cheil Worldwide буюу Samsung-ийн маркетинг, зар сурталчилгааны агентлагийн баг байлаа. Мөн бусад орны оролцогчид ч мэргэжлийн том агентлагуудаас ирсэн байсныг дараа нь мэдсэн юм.

Тэмцээнээс олж авсан сургамж болон ирэх жилийн оролцогч нарт өгөх зөвлөгөө?

Young Lions тэмцээн бид хоёрт ямар их зүйл өгсөн гээч! Хувь хүний хувьд ч, багийн хувьд ч, бүтээлч сэтгэлгээний хувьд ч бид урьдынхаасаа илүү том харах, илүү зоригтой сэтгэх хэрэгтэйг ойлгосон.

Бид хоёрын хувьд энэ тэмцээн бол амжилт гэхээс илүү урам зориг, өөрийгөө таних боломж, дэлхийтэй холбогдох үүд хаалга байлаа. Үүний сацуу бид одоо ч залуу байна. Ирээдүйд бидэнд илүү олон боломж, илүү олон үүд хаалга нээлттэй гэдгийг хамгийн сайн ойлгосон нь хамгийн том амжилт болон үлдлээ.

Залуустаа хандаж хэлэхэд “Өөрийгөө битгий хязгаарла!”. Боломжоо олж хар. Монгол залуус дэлхийтэй эн тэнцүү өрсөлдөх бүрэн чадвартай. Гол нь эхлэхээс л бүү ай. Санаанд чинь багтаж байгаа бол зоригтойгоор урагшлаарай.


Ярилцсанд баярлалаа

Comentarios


Location

#505, Bluesky tower, Ulaanbaatar, Mongolia

Email 

Follow

  • Facebook
  • X
  • LinkedIn
  • Instagram

© 2025 Mongolian Marketing Association.

bottom of page