| МАРКЕТИНГИЙН ХОЛБОО 15 ЖИЛ
ХУЛГАНА ЖИЛИЙН ЗАХ ЗЭЭЛД МАНЛАЙЛАГЧИД ТОДОРЛОО
“Зах зээд манлайлагч-2008”оны шилдгийг шалгаруулах ёслолын ажиллагааг нээж Маркетингийн Маркетингийн Холбооны Ерөнхийлөгч профессор Д.Дагвадоржийн хэлсэн үг:
Маркетингийн ухааныг түмэн олондоо эзэмшүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Монголын Маркетингийн Холбоо байгуулагдаад 15 дахь жилдээ орж байна. Өнөөдөр бизнесийн байгууллагад маркетингийн үзэл баримтлалыг бодитойгоор хэрэгжүүлээд зогсохгүй улс төр, нийгэм, төрийн ба төрийн бус байгууллагын маркетингийн удирдлагын талаар ч ухаан бодлоо уралдуулж эхлээд байна.
Монгол улсын өнөө, ирээдүйн тулхтай хөгжлийн замналыг маркетингийн онол, ур ухаангүйгээр төсөөлшгүй юм. Монголчууд бид хэрэглэгч түншүүдээрээ хүрээлүүлэн бизнес эрхлэх, шударга амьдрах ухаанд маш түргэн суралцаж байна. Энэ бол маркетингийн ухаанаар амьдарч сурч байна гэсэн үг. Энэ замаар замнаж улиран одож байгаа 2008 ондоо үзэгдэхүйц амжилт гаргасан зах зээлд манлайлагчдыг зарлан цом өргөмжлөлийг нь гардууллаа.
“Зах зээлд манлайлагч-2008” шалгаруулалт нь маркетингийн арга ухаанд тулгуурлан төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд нь бодитойгоор туслан тухайн байгууллага зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлж, гадаад дотоод дахь нэр хүндээ өсгөхөд үлэмж ач холбогдолтой юм. Түүнчлэн бүх нийтэд зах зээлд шударга ажиллах арга ухаан эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ бол маркетингийн ухааныг өдөр тутам судалж ярьж зааж, бизнесийн байгууллагын удирдлагын төвд маркетингийн ухаан тавигдаж чадаж буй эсэхийг судлан шинжилж, шүүн тунгааж байдаг маркетинг, менежментийн ухааны эрдэмтэн багш нар судлаачдын шалгуурыг давсан байгууллага , хүмүүс юм. Өөрөөр хэлбэл хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлс нь хэрэглэгч олонд нэн тодорхой байгаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгон нэвтрүүлж зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж чадсан, шударга аргаар өрсөлдөж нэр хүндээ ашиг орлогоо нэмэгдүүлсэн байгууллага, хүмүүс зах зээлд манлайлагчдын хэргэмийг зохих ёсоор хүртэж байгаа юм.
Өнгөрөгч хугацаанд Монголын маркетингийн мэргэжилтнүүд бараа, бүтээгдэхүүний сурталчилгаанаас эхлээд улс төрийн нам, нэр дэвшигчийн сонгуулийн компанит ажлыг зохион байгуулах хүртэл ур чадвар нь өсч, нийгмийн харилцааны бүхий л салбарт хүрч ажилладаг болж, Монголын эдийн засаг, нийгмийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж байгаа нь тус арга хэмжээг ийнхүү өргөн хэмжээнд авч үзэх боломжийг бүрдүүлсэн юм.
Сар шинийн өмнө Зах Зээлд манлайлагчаар тодорч байгаа байгууллага, хүмүүс бол зах зээлд цаашид ч амжилт олох том бааз суурь , илүү хүчтэй дэвэх жигүүр ургуулж хэрэглэгч түншүүддээ илүүтэй итгэгдэх боломж, амжилт ололтоо батжуулах шинэ брэндийн хүчийг олж авах юм.
ЗАХ ЗЭЭЛД ТЭРГҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
Аялал жуулчлалын салбараас Б.Барсболд захиралтай “Блэк Айбикс Экспедишнс” ХХК
Үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч болон хамтран ажилладаг түншүүддээ нийлүүлж байна.
Тусгай хамгаалалттай газар нутаг, дархан цаазат газруудтай хамтран ажиллаж ан амьтныг хамгаалах үйлсэд 11 сая төгрөг, хандив өргөн “Монголын мэргэжлийн анчдын холбоог” байгуулсан. “ Чингис хааны мөрөөр” түүхэн аялалыг амжилттай зохион байгуулсан. Тус компани нь маркетингийн шинэ бодлогыг боловсруулан хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурласан Нийгмийн чиг баримжаатай маркетингийн бодлогыг хэрэгжүүлж байна. Мөн барууны буюу америк хэлбэрийн менежментийг сонгож авснаар ажилчдыг урамшуулах системийг нэвтрүүлснээр ажлын үр дүн нь дээшилж 2008 онд өмнөх оноос 306 % өссөн амжилттай.
Боловсролын салбараас Т.Түвшин захиралтай Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төв
Тус төв нь амрагч хүүхэд багачуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, тэдний үерхэл нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээллийг олгох, авъяас чадварыг нээх, оролцоог нь хангахад нь чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага. Жилдээ 1-10 хоногоор 42-45 ээлж зохион байгуулдаг бөгөөд ээлж бүрийн төгсгөлд хэрэглэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэлт гарган үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Хүний нөөцийн хөгжлийн гол хүчин зүйлийг хөгжих, сурах, хүсэл сонирхол, багаар ажиллах ур чадвар гэж төвийн удирдлага баримтлан ажиллаж ажилтнуудынхаа мэдлэг мэргэжлийг хөгжүүлэхэд онцгой анхаардаг “суралцагч” байгууллага юм.
2008 оноос “Дэлхийн иргэн”-ийг бий болгохоор үйл ажиллагаандаа мөрдлөг болгон нээлттэй зуслан цахим хөтөлбөрийг хэрэгжүүлж амжилттай ажиллаж байна.
Геологи, уул уурхайн салбараас О.Эрдэнэ захиралтай “Монголросцветмент” ХХК
Тус компани нь Хэнтий, Дорноговь, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг, Хайлуур жонш, алтны уурхай үйлдвэрүүдэд 1994 ажиллагсадтай. 2008 онд нийт экспортод 133 мянган тонн жоншны баяжмал экспортлож 47.7 тэрбум төгрөг борлуулалт хийсэн. Бор – Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт техник технологийн шинэчлэлд зориулан 2008 онд 7 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж жоншны зах зээлийг өргөжүүлэх, нэр төрийг нэмэгдүүлэх маркетингийн оновчтой бодлогыг авч хэрэгжүүлсэн нь экспортын орлогыг нэмэгдүүлсэн.
Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд олон улсын ISO – 9000 чанарын менежментийг нэвтрүүлж ажиллаж байгаа. Мөн тус компани флотацын баяжмалыг гүн боловсруулах нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төмрийн орд, мөнгөний орд, зүүн цагаан дэлийн жоншны үйлдвэрийг байгуулах шинэ төслүүдийг хэрэгжүүлэх талаар өргөн хүрээтэй ажил хийж байна.
Аж үйлдвэрийн салбараас С.Энх-амгалан захиралтай “Гоёо” ХХК
Тус компани нь 1993 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, 2008 онд 3 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хйиж, борлуулалт 34 % өсгөж, шинээр 70 гаруй ажлын байр бий болгож монголд анх удаа дэлхийн жишигт нийцсэн хавар-зун, өвөл – намрын гэсэн 2 хос улирлын бүрэн коллекци гаргалаа. Мөн өөрийн брэндээ гадаад зах зээлд таниулах стратегийн хүрээнд уламлалт ОХУ-н зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ шинээр Казакстан, Итали, Австрали, Унгар зэрэг улсад албан ёсны гэрээт борлуулагчдаараа дамжуулан борлуулж эхлээд байна. Гоёо компани нь нийгмийн хариуцлагыг ухамсарлан байгаль орчноо хамнгаалахад 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаль орчинд хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулдаг нийгмийн хариуцлага өндөртөй компани юм.
Авто тээвэр үйлчилгээний салбараас Б.Чулуунбаатар захиралтай “Моннис интернэшнл” ХХК
Моннис компани нь 1998 оноос Японы “Ниссан Мотор” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютороор ажиллаж өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ниссан автомашины борлуулалтаа жил ирэх тусам нэмэгдүүлж ирсэн ба энэ онд 800 Ниссан автомашин борлууллаа. Ниссан төвд Ниссан, Инфинити брэндийн 24 нэр төрлийн автомашинуудыг Япон, АНУ-ын үйлдвэрээс нь шууд оруулж ирэн хэрэглэгчиддээ хүргэдэг.
Тус төв шинэ загварын автомашин нэвтрүүлэх бүртээ “шинэ загвар танилцуулах арга хэмжээ”-г зохион явуулдаг. 2008 онд 4 төрлийн шинэ загварын автомашиныг дэлхийн зах зээл дээр танилцуулах үетэй зэрэгцэн цаг алдалгүй дотоодынхоо хэрэглэгчдэд танилцуулсан. Мөн борлуулж буй автомашинууд бүгд жолооны хүрд нь зөв талдаа 2008 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэхэн байдаг учраас хамгийн найдвартай жолоодлого үйлчлүүлэгчдээ дэлхийн автомашин технологийн хөгжилтөй хөл нийлүүлэн алхах боломжийг олгодог юм.
Банк санхүүгийн салбараас М.Болд захиралтай “Хас“ банк
Тус банк нь Монгол Улсын бүх аймаг хот суурин газруудаар барлан 74 салбар нэгж тэдгээрт ажилладаг 1000 гаруй ажиллагсдаар дамжуулан монгол улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хүргэж ажилладаг нийгмийн чиг баримжаатай үндэсний хэмжээний арилжааны банк билээ. 2008 онд харилцагчидтайгаа хамтран “Бид эх орондоо хайртай” уриан дор бүтэн жилийн турш олон төрлийн бүтээлч ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Мөн бичил санхүүгийн байгууллагуудын ээлжит бага хурлыг ази тивийн улс оруудаас анхлан өөрийн эх орондоо зохион байгуулсан нь монголчуудыг дэлхийд таниулсан арга хэмжээ болсон. 2008 онд Хас банк үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн гадаадын зарим орнуудын ижил төрлийн банк санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийв. “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч” Хас банк нь монгол улсын хөгжил дэвшил ард иргэд залуу гэр бүл болон нийгмийн ирээдүй сайн сайхны төлөө “Ургах наран” хороололд сүндэрлэж буй орчин үеийн тохилог орон сууцны эхний 114 айлын орон сууцыг эздэд нь хүлээлгэн өгсөн байна.
Хүнсний үйлдвэрийн салбараас П.Батчимэг захиралтай “АПУ” ХК
Тус компани нь 80 гаруй жилийн турш чанарын стандартыг монголд тогтоож, чанартай бүтээгдэхүүнийг уян хатан үнээр хэрэглэгчдээ түргэн шуурхай нийлүүлэх бодлого баримтлан хэрэглэгчдийнхээ хүнсний хэрэгцээг хангаж нийгмийн хариуцлагын хүрээнд “Амьдрах орчноо сайжруулъя”, “Ухаанлаг сэтгэж, улсаа хөгжүүлье” төсөл, Дунд голын ай савыг цэвэрлэх санаачлага, “Ядуурлыг хамтран бууруулья” санаачлага, “Боловсролыг дэмжих” төслүүд, “Даавуун уут хэрэглэе” хөтөлбөр, Урлаг спортыг дэмжих ивээн тэтгэлэгүүд, Эх Нялхсын хүрээлэнг дэмжих үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан.
Тус компани нь “Экологийн үр ашиг ба тогтвортой бизнес, хөгжил” төслийг 2008 онд амжилттай хэрэгжүүлэн дуусгаж, үүний үр дүнд байгаль орчинд өгөөжтөй цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлсэн нь компанид олгодог “Ecoprofit” гэрчилгээг гардан авсан байна.
Жижиглэнгийн худалдааны салбараас Х.Энхтуяа захиралтай “Скай трейдинг” ХХК
Тус компани нь Монголд хамгийн сvvлийн vеийн тоног төхөөрөмжөөр тоногдлогдсон тохилог орчин, шилдэг vйлчилгээ, чанартай бараа бvтээгдэхvvнтэй нэг цэгийн vйлчилгээний төв болж, Хэрэглэгч бvхнээ дээдлэн хvндэтгэж, салбартаа ямагт манлайлан, чанартай бараа соёлтой vйлчилгээг эрхэмлэн,1000 орчим дотоод гадаадын байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, нийт 40.000 орчим нэр төрлийн бараа бvтээгдэхvvн, шуурхай vйлчилгээг хэрэглэгчиддээ хvргэж байна. Мөн Нийгмийн хариуцлагын чиглэлээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин, тэдний урласан бүтээгдэхүүнийг борлуулах цэгийг үнэ төлбөргүй байршуулан тусалсан байна.
Хэвлэл мэдээллийн салбараас Л.Балхжав захиралтай UBS телевиз
Орчин цагийн үзэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангасан нийгмийн бүх л давхрага тэдний нас, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдээ мэдээлэл, нэвтрүүлгийн бодлоготой UBS телевиз 2008 онд нийгмийн өмнө хариуцлага хүлээсэн телевиз болох нэгдсэн зорилтыг тавин ажилласан. 2008 онд “Загасан нүд”, “Уулзахын баяр”, Мессенжер мэндчилгээ , “Глобал Сео”, “Нийслэл хүү”, “Мистер энд Мисс”, “Хогондоо” гэх мэт реалити шоу, “Монгол тэмүүлэл-сайхан монгол орон” аян, “Тогтвортой амьжиргаа хөгжлийн ирээдүй” цуврал нэвтрүүлэг, “Хүүхэд-Монголын ирээдүй”, “Үзэгч, телевиз эргэх холбоо” аян, “Байгаль-Хүүхэд” сэдэвт цуврал арга хэмжээ, “Алтан хонх” уралдаант нэвтрүүлэг, “Эх дэлхий” танин мэдэхүйн цуврал, “Эрдэмтэнтэй ярилцах цаг” нэвтрүүлэг, “Боловсролыг гадаадад” цуврал нэвтрүүлгүүдийг үзэгчиддээ амжилттай хүргэсэн байна. Мөн UBS телевиз нь “Шинэ дэвшил, шилдэг бүтээлтэй телевиз “ зорилт тавин иргэдийн мэдээлэл авах, тэдэнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилготой “иргэдийн хяналт, мэдээллийн сүлжээг байгуулан ажиллаж байна.
- “Зах зээлд тэргүүлнэ” гэдэг шаргуу их хөдөлмөр аж
Замилан хорвоогийн эн дээр дөнгүүрхэн яваагийн нэгэн илрэл аж
Зах зээлд тэргүүлсэн байгууллагуудын амжилтын зам нь өөдрөг байг
Замилан хорвоод алдраа дуурсгасан дэлхийн компани болж өргөжиг
ШИЛДЭГ МАРКЕТИНГТАЙ БАЙГУУЛЛАГА
Банк санхүүгийн салбараас Д.Оюунжаргал захиралтай “Монгол Шуудан банк”
Тус банк нь 2008 онд өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагааны чанар, хамтын ажиллагаа, маркетингийн бодлого цар хүрээгээ өргөжүүлэн хөгжүүлсэн бөгөөд харилцагч үйлчлүүлэгч нартаа зориулж олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ. Тухайлбал, цаг хугацаа орон зайнаас үл хамааран банкны үйлчилгээг авах мобайл банкны үйлчилгээ, монголд анх удаа бэлгийн виза карт “Мошуба” брэнд, хамгийн бага шимтгэлтэй Фастер олон улсын мөнгөн гуйвуулга, харилцагчаа халамжлан хөгжүүлэх өдөрлөгүүд, хадгаламжийн сертификат зэрэг нь маркетингийн оновчтой шийдлүүд боллоо. 2008 онд хот аймаг, сум нийлээд 280 гаруй салбаруудад 304 хүнийг ажлын байраар хангасан байна.
Төрийн бус салбараас Ц.Энхжин захиралтай “Монголын Урчуудын Эвлэл” ТББ
Тус байгууллага нь зураач урчуудынхаа бүтээн туурвих, уран бүтээлээ нийтийн хүртээл болгох боломжийг бүрдүүлж, уран бүтээлчдийн нэгдсэн урлангуудад 90 орчим уран бүтээлчдийг уран бүтээлээ туурвих нөхцөл бололцоогоор хангахын зэрэгцээ, МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд зураач урчууд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гарган нийтийн хүртээл болгох, сурталчлах, борлуулах нөхцөл боломжийг олгосон. Тус үзэсгэлэнд дунджаар 250 орчим уран бүтээлчийн дүрслэх урлагийн төрлөөр хийсэн бүтээл дэлгэгдсэн төдийгүй 2008 онд Америкийн Сан Франциско хотод зохион байгуулагддаг үзэсгэлэнд Монголын 50 орчим уран бүтээлчийн 80 орчим уран бүтээлийг толилуулж, Бээжинд болсон олимпын хүрээнд үзэсгэлэн гаргаж 500 орчим бүтээлээрээ оролцсон.
Мэдээлэл харилцаа холбооны салбараас Б.Билигүүн захиралтай “Юнител” ХХК
Тус корпораци нь зах зээлд шудрага өрсөлдөөнийг бий болгож эрүүл бизнесийн орчин бүрдүүлэн хэрэглэгчид үйлчлүүлэгчдээ байнга сонсож , тэдэнд анхаарал халамж тавихын зэрэгцээ үргэлж шинийг санаачлагч, шинийг эрэлхийлэгч, зах зээлд шинийг бүтээгч байхын төлөө ажиллаж байна.
Хэрэглээнд нийцсэн уян хатан үнийн багц бүхий дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт үндсэн үйлчилгээ, сонирхолтой бөгөөд өргөн хэрэглээтэй ЮниМюзик, Миний туслах, Web Self Care, U-Media, Олон Улсын Роуминг зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээс гадна картын хэрэглэгчиддээ зориулан “Хугацааг үнэгүй” болгож, “Өдөр бүр нэг минут”-ыг дотны хүмүүстээ зориулах, гаднаас авсан мессеждээ бонус авах “Play message”үйлчилгээг олгож байгаа нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн онцгой үйлчилгээнүүд болж чадсан байна.
Боловсролын салбараас Р.Лхагвадулам захиралтай Сургалт судалгааны “LADY” төв
“LADY” төв нь үйлчилгээний интерактив маркетингийн чиглэлээр 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сургалтын байгууллага бөгөөд маркетингийн зөвлөгөө, сургалт, судалгааны ИМАКО багаас гадна Хувь хүний маркетингийн чиглэлээр “Залуу хатагтай ноёдын сургууль”, “Businessman”, business lady сэтгүүл, Залуу модел агентлаг, dream dance бүжгийн клуб гэсэн нэгжүүдтэй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. “LADY” төв нь “Үйлчилгээнй интерактив маркетинг”, “Харилцаа ёс зүйн ойлголтууд нь үйлчлэх ур чадварыг хөгжүүлэх, борлуулалтыг нэмэгдүүлэх арга зам болох тухай ”, “Төрийн албан хаагчийн ёс зүй, биеэ авч явах хэм хэмжээ”, “Харилцагчдад чиглэсэн банкны маркетинг” гэсэн төслүүдийг хэрэгжүүлж, өөрийн чиглэлийн зах зээлийн 65 – 75 хувийг эзлэж харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн нэр хүндтэй байгууллага болон өргөжиж байна.
Жижиглэнгийн худалдааны салбараас Ч.Рэнцэн захиралтай “Wolf totem” ХХК
“Волп тотем” интернэшнл ХХК нь 2005 оноос эхлэн худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж гэрэл гэрэлтүүлгийн салбарт өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж одоо 6 салбар дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус компани нь гэрэл гэрлэн чимэглэлийг үйлдвэрээс нь шууд хүссэн загвар, хэмжээ, хийц, ISO9001 олон улсын чанарын стандарт, ISO14001 байгаль орчны стандарт, GS стандарт, 3C стандарт, UL стандарт, CE стандаруудын бүтээгдэхүүнээ нийлүүлж, үйлчилгээний чанарыг голлон анхаарч айл бүрт гэрэл гэгээ, аз жаргал бэлэглэхийг зорин ажиллаж үр дүнд хүрч байгаагаараа энэ шагналын эзэн болжээ.
Хүнсний салбараас О.Амартүвшин захиралтай “UFC” ХХК
2007 оноос бүтээгдэхүүний техник технологи, сав баглаа боодлыг шинэчлэн зах зээлд компанийхаа имидж, нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор орчин үеийн шийдэл бүхий маркетингийн цогц бодлогыг баримталж ажилласаар өнөөдөр нэр хүнд бүхий томоохон компаниудын нэг болсон.
Тус компани нь Чацарганы өтгөрүүлсэн цэвэр жүүс болон тос, талх, нарийн боов, ундаа, байгалийн гаралтай иоджуулсан давс, Бөөний худалдааны төв, ногооны аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд үйлдвэрлэн борлуулдаг чацарганын цэвэр тос, сироп нь орон нутагтаа төдийгүй улс орон даяар, олон улсад алдартай, хэдийнээ Увсын чацаргана гэсэн брэндийг бүтээж батжуулсан байна. UFC Группийн экологийн цэвэр чацарганы бүтээгдэхүүний 2008 оны борлуулалт 1.5 тэрбум болсон нь чацарганы зах зээлийн 70 хувийг эзэлж байна.
Соёл урлагын салбараас Д.Цэрэнсамбуу захиралтай “Драмын Эрдмийн Театр”
Тус театр нь 2008 онд Кен Людвиг “Гол дүрийн амрагууд” инээдмийн сонгодог, Г.Х.Андерсон “Лусын дагина” хүүхдийн сонгодлог, Софокл “Эдип” түүхэн сонгодог, М.Себастъян “Нэргүй од” сонгодог бүтээлүүдийг тайзнаа туурвиж, өөрийн байранд 94 удаа, хөдөө орон нутагт 39 удаа тоглолт хийсэн байна. Мөн 2006 оноос эхлэн жил бүр урын сандаа байгаа 8-12 төрлийн уран бүтээлүүдээс багцлан үнийн хөнгөлөлттэйгээр, суудлын зэрэглэлээс нь хамааран ялгаварт үнийг тогтоон урьдчилсэн худалдааны үнийн хөнгөлөлт, гаригийн хямдралын үнийн хөнгөлөлт, ялгаварт цагийн үнэ тогтоон үйлчлэх зэргээр үнийн төрөл бүрийн урамшуулал хөнгөлөлтийг үзэгчиддээ хүргэж олны таашаалыг хүлээж байна.
Бэлэг дурсгал, реклам чимэглэлийн салбараас Ё.Тунгалаг захиралтай YES ХХК
“Yes” компани нь энэ салбартаа анхдагч бөгөөд 1999 онд байгуулагдан реклам чимэглэл, бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэ техник, дэвшилтэт технологиор үргэлж чанарын тэргүүлэгч байж тэдний найдвартай түнш нь болж “Хүсэл бүхэн тань биелэх болтугай” гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гялгар уутны хог хаягдалаас татгалзсан “Хоггүй цэвэр орчин” хэмээх уриан доор өөрийн нэрийн даавуун уутыг үйлдвэрлэн байгаль орчин болоод хотын өнгө үзэмжинд цэвэр орчинг бүрдүүлэх аянд нэгдсэн. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татан дэлхийн жишгийг монголд нэвтрүүлэх үйлст нилээдгүй ажил хийгдсэн бөгөөд үүний нэг нь Дэлхийн №1 хатгамалын үйлдвэр Солонгосын SWF корпорацитай хамтран ажиллаж албан ёсны дистрибьюторын эрхийг аваад байна.
Аж үйлдвэрийн салбараас Х. Алтангэрэл захиралтай “Хөгжил трейд” ХХК
Тус компани нь 2001 оноос ариун нэрийн бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэж, одоогоор 32 нэр төрлийн импортыг орлох бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, 2008 онд 1.9 тэрбум төгрөгний борлуулалт хийсэн. Тус компани нь Ариун нойтон салфеткаар MNS 5261-2003 улсын стандартыг анх удаа авсан бөгөөд чанарын тохирлын тэмдэгтэй патентлагдсан бүтээгдэхүүн болж дотоодын томоохон компаниуд болох “МИАТ”, “УБТЗ”, “Жуулчин” зэрэг компаниудын захиалгаар нойтон салфеткыг үйлдвэрлэн нийлүүлж байгаагийн зэрэгцээ дотоодын бүх худалдааны сүлжээнүүдэд нийлүүлж хэрэглэгчдийн таашаалд нийцсэн үндэсний шилдэг брэнд болохоо харуулж чадсанаараа шилдэг маркетингтай байгууллага болжээ.
Хэвлэл мэдээллийн салбараас Н.Болорхүү захиралтай “SBN” телевиз
Тус телевиз нь Монголын телевизийн түүхэнд анх удаа Испани Улсын хальсгүй технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Аливаа уран бүтээл хүнийг хөгжүүлсэн, хөгжил дэвшилд хөтөлсөн байх ёстой гэсэн үүднээс гадаадын нэвтрүүлэг тэр дундаа үзэгчдийн тоо нь хязгаар үл мэдэх дэлхийн алдартай шоунууд, кино урлагийн шинэ мэдээлэл бүхий программууд мөн дэлхийн хэмжээний ёслолын арга хэмжээг тухайн гадаадын сувагтай гэрээ хийсний үндсэн дээр монголынхоо үзэгчдэд хүргэж, “Бага рекламыг өндөр үнээр” зарчмыг баримталснаар “Үзэгчдээ алдахгүйгээр орлогоо нэмэгдүүлэх” боломжийг тодорхойлж чадсан байна.
- Маркетингийн ухааны гайхамшигийг ажил үйлсээрээ илтгэсэн
Маргаашийн гэрэлт ирээдүй рүү хүн ардаа дагуулсан
“Шилдэг маркетингтай байгууллага”-дад
Шижгэр их амжилт ерөөе
Урам дүүрэн үйлс нь
Улам дэлгэрэхийн ерөөл өргөе
ШИЛДЭГ МАРКЕТЕР
Санхүүгийн салбараас “УБ Аудит Корпораци” ХХК-ийн ерөнхий захирал Бөөхүү овогтой Осоргарав. Нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын гавьяат эдийн засагч. мэргэшсэн нягтлан бодогч.
Б. Осоргарав нь Аудит, нягтлан бодох бүртгэл санхүүгийн зөвлөгөө, сургалт үнэлгээний итгэмжлэгдсэн Аудитын байгууллагын цар хүрээг өргөтгөх хариуцлагыг өндөржүүлэх үр ашиг Аудитын ажлын чанарыг дээшлүүлэх замаар Аудитын ажлыг улам боловсронгуй болгон бие даасан аудитын тогтолцоог Монгол улсын хэмжээнд төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Төрийн бус байгууллагаас
Монголын Урчуудын эвлэлийн дарга Цүлтэм овогтой Энхжин.Уран зураач сэтгүүлч мэргэжилтэй. Монгол улсын Төрийн соёрхолт.
Ц.Энхжингийн уран зургууд эх орноосоо гадна Ази АНУ,Европын улсуудын музей галерейд байрлаж үзэгч олны сонирхлыг татаж байдаг. Ц. Энхжин нь төрийн дэмжлэггүйгээр 4 том обьект барьж бариулан зураач урчуудын бүтээх туурвих боломжийг хангасан байна. Мөн галерейн үзэсгэлэнгийн танхимд уран бүтээлчдийн үзэсгэлэнг гарган үнэ төлбөргүй үзүүлэн ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.
Аялал жуулчлалын салбараас “ Нью Жуулчин Турс” ХХК-ийн дэд захирал Раднаа овогтой Халтар. Нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй Эдийн засгийн ухааны магистр. Монголын Маркетингийн Холбооны анхны гишүүдийн нэг.
Р. Халтар нь Маркетингийн үндэс, Эдийн засгийн хөтөлбөр боловсруулах арга зүй, Арилжааны банкуудад маркетингийн аргаар үйлчилгээний шинэ хэлбэр нэвтрүүлэх, Валютын ханшны бодлогын асуудал, Англи Монгол толь зэрэг бүтээл тууриван үүнийхээ хажуугаар Монгол улсын 4 хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт оролцсон. 2003 оноос “Нью Жуулчин Турс” Компаний үйл ажиллагаанд маркетингийн шинэ санаа, үйлчилгээнд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэн, өөрийн компаний брэндийг бий болгох тал дээр удирдан оролцож амжилттай ажилласан.
Хэвлэл мэдээллийн салбараас “TV9” Телевизийн ерөнхий захирал Цэндийн Энхбат:Утга зохиолч шүүмжлэгч мэргэжилтэй.
Ц. Энхбат нь аливаа нэг улс төр эдийн засгийн бүлэглэлээс ангид байж редакцын бие даасан хараат бус байдлы эрхэмлэн дээдэлсний үр дүнд үзэгч олны талархалыг хүлээсэн ёс зүйтэй мэргэжлийн телевизийг хөгжүүлж мэдээллийн талбарт өөрийн дуу хоолой өвөрмөц өнгө төрхийг бий болгож чадсан. Мөн анхлан 24 цагийн эфирийг Монголд танилцуулсан бол хамгийн сүүлд Монгол орныг бүхэлд нь хамарсан үндэсний мэдээллийн Инфо сүлжээг байгууллаа.
Хүнсний салбараас “АПУ Трейдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шийтуу овогтой Алтанбагана:Санхүү нягтлан бодогч мэргэжилтэй бизнесийн удирдлагын ухааны магистр.
Ш. Алтанбагана нь 2008 онд хийсэн нийгмийн хариуцлагын, реклам сурталчилгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлт шинэчлэлийн болон зохион байгуулалтын хүрээнд олон талт ажлыг удирдан зохион байгуулсаны үр дүнд тус компаний нэр хүнд имижийг нэмэгдүүлж зах зээлийн эзлэх хувийг 20-60 хувиар өсгөсөн юм.
Боловсролын салбараас “ВusinessMind” ХХК-ийн ерөнхий захирал Дармаа овогтой Амарбаясгалан:Сэтгэл зүйч судлаач мэргэжилтэй Удирдахуйн ухааны магистр Жижиг дунд бизнесийн шинжээч
Д. Амарбаясгалан нь 100 орчим байгууллагуудад маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэн Бага зардлаар их үр дүнд хүрэх гэсэн зарчмаар тухайн байгууллагад тохирсон стратеги төлөвлөгөө боловсруулсан. Д. Амарбаясгалангийн зохиосон зар сурталчилгааны болон идэвхжүүлэлтийн мессежүүд нь ихээхэн амжилттай байгаа билээ. Түүний хийсэн бүтээлүүдээс “Саятан” хөлөгт тоглоом, “Бүтээлч хүн танаа” /LeadBook/, “Baddy бамбарууш” гэх мэт мэргэжлийн үндсэн дээр хийгдсэн бүтээлүүдийг нэрлэж болно.
Мэдээлэл харилцаа холбооны салбараас “Юнител” ХХК-ийн маркетингийн албаны захирал Дэчин овогтой Болд. Эдийн засагч бизнес судлаач мэргэжилтэй.
Д. Болд нь 3 жил ажиллах хугацаандаа өөрийн байгууллагын бусдаас ялгарах болон хэрэглэгчдээ халамжлах бодлогын хүрээнд багын хамтаар олны хэрэгцээнд нийцсэн олон төрлийн нэмэлт үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн нь амжилттай болсон.
Маркетингийн албаны зүгээс хэрэглээнд нийцсэн уян хатан үнийн багц бүхий дараа төлбөрт, урьдчилсан төлбөрт, үндсэн үйлчилгээ болон ЮиниМюзик, миний туслах, U- media, Web Self Care, MMS, EDGE олон улсын роуминг зэрэг олон төрлийн нэмэлт үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэнээс гадна картын хэрэглэгчдээ зориулан “Хугацааг үнэгүй болгож ”, өдөр бүр нэг минутыг дотны хүмүүстээ зориулах боломжийг олгож гаднаас хүлээн авсан мессеждээ бонус авах play message зэрэг үйлчилгээнүүд хэрэглэгчдийн хүсэл таашаалд нийцсэн онцгой үйлчилгээнүүд болж чадсан.
Аж үйлдвэрийн салбараас “Эрдэнэт Хивс” ХК-ийн маркетинг худалдааны хэлтсийн дарга Насан овогтой Ганнайрамдал. Химийн технологи инженер, олон улсын худалдааны мэргэжилтэй.
Н. Ганнайрамдал нь олон шинэ технологи судлан гаргаж үйлдвэрт нэвтрүүлсэн бөгөөд гадаад дотоодын харилцааг сайжруулан ОХУ, Хятад, Казакстан, Австрали, Англи, Испани, Герман, Америк Япон гэх мэтийн 9 оронд экспортлон дотоод болон гадаадын олон улсын чанартай үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцсон. Тэрээр Чингэс, Хүннү брэндийн хивсний өнгө загвар чанар зэрэгт анхааран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг авжээ.
Уул уурхайн салбараас “Монголын Алт” ХХК-ийн маркетингийн менежер Дамчаа овогтой Далайбаяр: Хятад хэлний орчуулагч соёл судлаач мэргэжилтэй.
Д. Далайбаяр нь компаний борлуулалтын үйл ажиллагааг сайжруулах бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нэвтрүүлэх таниулан сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн 2008 онд 480.000 тонн нийт 1.620.000 тн нүүрс борлуулалтын ажлыг хийж гүйцэтгэж борлуулалтын төлөвлөгөөг 1.5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
- Маркетингийн салбарын манлайлагчид гэдэг
Мандах үйлсийн хөтчүүд билээ
Салбартаа тэргүүлж шагнуулна гэдэг
Сайн үйлсийн бариа билээ
- Давааны цаана даваа гэж
Далай их амжилтанд дууддаг
Тэнүүн Монгол Түмний минь
Тэнгэрлэг үйлс үргэлж өөдөө байхын өлзий дүүрэн ерөөл дэвшүүлье
- Шилдэг маркетеруудын амжилтаар жигүүрлэн
Шинийн нэгнээ угтан золгоё
Угтан золгож буй Үхэр жилдээ
Урамтай үйлс ундруулан ажиллая
Урагшаа зоримог харж урамтай үйлсийг ундруулсан маркетингийн ухааны нууцад манлайлах үйлсээрээ нэвтэрсэн “Зах зээлд тэргүүлэгч”, “Шилдэг маркетингтай байгууллага”, “Шилдэг маркетер”-ууддаа болон маркетингийн бүх шагналтнууд Монголын ард түмэндээ ирж буй шороон “Үхэр” жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг ерөөе.
Хэрэглэгчийн сэтэгл бодлын гүнд нэвтэрч, зах зээлийг байлдан дагуулж удирдан хөтлөх их үйлсийн далайд бидэнтэй хамтран сэлж оюун бодол, ажил үйлсээ уялдуулан ажиллахыг хүн арддаа хүсэн ерөөж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
МОНГОЛЫН МАРКЕТИНГИЙН ХОЛБОО |